ХЭРХЭН ГЭРИЙН ДААЛГАВАРАА ТҮҮРТЭЛГҮЙ
ХИЙДЭГ, САЙН ХҮҮХЭД БОЛОХ ВЭ?
Заримдаа эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрийн
даалгавар хийлгэхдээ алдаа гаргаж, үүнээс болоод тэдний хооронд үл ойлголцол
үүсдэг. Магадгүй, та ч бас ийм алдаа гаргаж байсан бол хүүхдийн гэрийн
даалгавраа хийх сонирхлыг бий болгох тухай дараах зөвлөгөөнд анхаарал
хандуулаарай.
Хүүгээ, охиноо хэрхэн гэрийн даалгавараа
түүртэлгүй хийдэг, сайн хүүхэд болгох вэ? Энэ бүхэн аав, ээжүүдээс хамгийн их
шалтгаална.
ЭЕРЭГ ХАНДЛАГА
Хэрвээ та хүүхэдтэйгээ “Чи гэрийн даалгавар хийх
хэрэгтэй” гэсэн байдлаар харьцвал түүний сонирхлыг улам л бууруулах болно. Иймд
аль болох эерэг хандлага бүрдүүлж, даалгаврыг хийх нь түүний ирээдүйд ямар
чухал, үр дагавар авчирч болох тухай ярьж өгөөрэй.
ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ НЬ БОЛ
Хүүхэд эцэг, эхээ дуурайдаг. Тэд томчуудын хийж
буй зүйлийг дагаж хийх дуртай. Тэдний гэрийн даалгаврыг хийлгэх хамгийн
тохиромжтой арга бол та өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм. Та уран
зохиолын ном унш, гэрээ цэвэрлэ. Хүн бүр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай
байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ эцэг, эх нь ажлаа хийхгүй бол цалин
авахгүй. Хоол хүнсээ ч авч дийлэхгүй, ус, цахилгааныг нь хязгаарлах болно. Яг
үүнтэй адил хүүхдэд гэрийн даалгавар хийх нь түүний амьдралд хэрэгтэй гэдгийг
өөрийн үлгэр дуурайллаараа харуулаарай. Мэдээж та хүүхдийнхээ хажууд ухаалаг
утас хэрэглэхээ багасгаж, түүний хамгийн их анхаарал сарниулдаг утсыг түүнд
сануулахгүйг хичээх нь зөв.
ХИЧЭЭЛ ХИЙХ АЯ ТУХТАЙ,
УУР АМЬСГАЛЫГ НЬ БҮРДҮҮЛ
Хүүхэд хичээл хийх ая тухтай, уур амьсгал
бүрдсэн газарт илүү төвлөрдөг. Иймээс тэдний гэрийн даалгавраа хийх зуур
хөгжим, зурагтаа унтрааж, аль болох утсаар ярихгүй байхыг хичээгээрэй.
БИЕ ДААЛГАХ
Хүүхэд тань гэрийн даалгавраа хийж байх зуур
эцэг, эх нь болсон та багшийн дүрд битгий хувираарай. Тэд өдөржин сургууль дээр
“жинхэнэ” багш нартай байсан шүү дээ. Тийм болохоор та хүүхдэдээ гэрийн
даалгавраа өөрөө бие даан хийхэд нь туслах хэрэгтэй. Тэдэнтэй гэрийн
даалгавраа хэрхэн хийх гэж байгаа төлөвлөгөөнийхөн тухай ярилц, зөвлөгөө
өг.
ЦАГАА ЗӨВ ТӨЛӨВЛӨЖ
СУРГАХ
Та хүүхдээ гэрийн даалгавраа өөрөө бие даан хийж
сурахад нь туслахаас гадна зөв зохион байгуулалттай болоход туслах нь чухал юм.
Тэдний өдрийн болон долоо хоногийн төлөвлөгөөг боловсруулж өгөх хэрэгтэй.
Ингэснээр хүүхэд өдөр бүр өөрийн хийх ёстой даалгавраа амархан хийж хэвшинэ.
ЗОРИЛГОТОЙ БОЛГО
Хүүхэд тань төлөвлөгөөтэй болсон нь хангалтгүй
санагдвал түүнд бяцхан зорилгыг нь тодорхойлж өгөхөд туслаарай. Үүний
тусламжтайгаар та хүүхдээ зөв чиглүүлэх учиртай. Улмаар таны хүүхэд өөрийн
хийсэн даалгавраа тэмдэглэдэг болж, хөдөлмөрөө үнэлж сурах чадвартай болно.
ГЭРИЙН ДААЛГАВАР ШАЛГАХ
ЯВЦЫГ НЬ ТОГЛООМ МЭТ САНАГДУУЛ
Энэ нь бага ангийн сурагчдад илүү хамааралтай.
Та гэрийн даалгавар шалгах явцыг нь тоглоом мэт зохион байгуулж чадвал тэд
алдаагаа өөрсдөө олж хардаг болно.
ХҮҮХДЭЭ МАГТ
Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар.
Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ.
Учир нь тэд магтуулах эрхтэй. Шүлэг цээжилсэн бол уран тод уншсаныг нь магт.
Цээж бичиг бичсэн бол хичээнгүй цэвэрхэн бичсэнийг нь магт. Тэд үнэхээр
гэрийн даалгавраа сайн хийсэн бол тэднийг шагна.
СЭТГЭЛЭЭР БҮҮ УНА
Гэрийн даалгавар бол түүний заавал хийх хэрэгтэй
ажил гэдэг ойлголтыг хүүхдэд суулгаж өгөх нь чухал. Ихэнх эцэг, эхчүүд хүүхэд
нь даалгавраа хийх хүсэлгүй эсвэл буруу хийсэн тохиолдолд сэтгэл зовдог.
Заримдаа тэд хүүхдийнхээ оронд даалгаврыг нь хийж өгдөг. Таны сэтгэлзүйн байдал
хүүхдэд маш их нөлөөлдөг тул та хүүхдийнхээ хажууд сэтгэлээр унахгүй байх нь
чухал юм.
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ
No comments:
Post a Comment